Узбекистан улсын Хива хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах Туухай өргөлтийн тэмцээнд 19 орны 700 гаруй тамирчид өрсөлдөж Монгол улсын баг тамирчид амжилттай оролцон дэлхийн аваргатай болсон юм.
Зэвсэгт хүчний 325-р ангийн хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер, дэслэгч БААТАРТӨМӨРИЙН АНХЗАЯА нь огцом өргөлтөөр хүрэл медаль, түлхэлтэй өргөлтөөр алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон тухай сайхан мэдээг хүргэлээ.
Дэслэгч Б.Анхзаяа нь Завхан аймгийн Улиастай хотод төрсөн ба айлын ууган охин юм. Ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүндийн өргөлтийн спортоор 8 жил хичээллэж байгаад 2019 оноос гирийн спортоор хичээллэж эхэлсэн тэрээр саяхан Оросын Холбооны Улсын Башкортостан хотноо зохион байгуулагдсан Олимпын бус дэлхийн топ спортуудын төрлийн олон улсын анхдугаар наадамд оролцож ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд алтан медаль хүртсэн билээ.
Дэслэгч Б.Анхзаяа “Спортоор хичээллэх хамгийн сайхан. Энэ спортоор хичээлснээр тэсвэр тэвчээр, эрүүл бие, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх гээд олон давуу талтай. Энэ хүртэл маш урт замыг туулсан. Тийм ч амар байсангүй ээ. Шантрах өдөрч цөөнгүй байсан өдөр бүрийн бэлтгэл дээр гарсан хөлс бүхэн надад үнэ цэнэтэй. Дасгалжуулагч багш нартаа, баг, хамт олондоо, хайртай гэр бүлийнхэндээ маш их баярлаж байна. Гир өргөсөөр байгаад гарын алга эр хүний гарнаас дутхааргүй эвэршсэн хүнд харуулхаас л ичдэг. (инээв) Гэхдээ би дэлхийн аварга болж чадлаа. Цаашдаа улам их хичээх болно оо” гэсэн юм.
Хошууч Л.САРАНЗАЯА