Торох нь үгүй цэлмэгхэн уудам тэнгэр, Сулин хээрийн өргөн тал хоёрын хааяа нийлэн цэнхэрлэх энэ нутагт Монгол Улсыг агаараас хамгаалах онцгой үүрэгт агаарын хилчид үүргээ гүйцэтгэдэг юм.
Агаарын хилийн дархан манаанд нэр төртэйгээр үүрэг гүйцэтгэх алба хаагчдын дундаас нэгэн найрагчийн бүтээлийг та бүхэнд хүргэж байна. Яруу найргийн дээжис нь нэгэн боть хүрсэн буй зай. Сулин хээрийн цэнхэр талын талаар хүн бүрийн санаа бодлоор домог арвижсан олон дурдатгал байх ч найрагчийнхаа шүлгийг хүргэхээс өмнө та бүхэнд нэгэн домгийг сонордуулая.
Мэргэн вангийн хошууны наадамд Сул хээр гэгч морь олон удаа түрүүлсэн гэдэг. Тэртээ харанхуй зуун хүй долоон худагт даншигийн наадам хийсэн жил юмсанж. Манжийн эзэн хаан уг наадамд оролцохоор хурдан морьдтой иржээ. Тэгээд энэ наадамд халхын морьд түрүүлж болохгүй, түрүүлсэн тохиолдолд эзнийх нь толгойг авах зарлиг гаргасан байж. Сэцэн хан наадамд Манжын эзэн хааны морь биш Монгол морь хэрхэн түрүүлүүлэх талаар бодон, морь шинжээчтэй ярилцан Манж эзэн хааны хар болд халиуныг ардаа орхих аргаа олж гэнэ. Тэгээд хар болд халиун хурд сайтай, түрүүлэх нь дамжиггүй ч их хөөрүү, цөс ихтэйг онцлон замын дундаас морьд хашсан хүн хэд сайн хашгирвал хар болд халиун хөөрөн хадууран давхина энэ үед сул хээр түрүүлэх нь дамжиггүй. Гэхдээ Мэргэн вангийн сул хээрийг хүүхэдгүй гаргах нь зүйтэй гэж үзсэнээр түрүүлсэн гэдэг. Түрүү морьны эзний толгойг авах зарлиг байвч эзэн нь олдоогүй өнгөрч гэнэ. Сул хээр морьны олон наадмын түрүү авч байсан уудам тал нутгийг сул хээрийн тал хэмээн нэрийддэг болж хожим Сулин хээрийн тал гэх болжээ...
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа, дугаар тусгай ротын аж ахуйн дарга, ахлах дэслэгч М.Насанбат найрагчийн сэтгэлийн мэлмийгээр ажиж, холбосон уран үгс Сулинхээрийн талаас эрчимээ авдаг болов уу гэлтэй.
ХАТАН БУЛАГ МОНГОЛЫН БОСГО
Талын хөх салхи нь сулийн талд сульдаж
Таанын цэнхэр цэцэг нь намрын улиралдаа ч цэцэглэдэг
Хонгортон шаргалтах тэмээдийн ширээ бөхөнд нь нар өнжиж
Хоногийн хилийн манаа тайвныг илтгэн угтдаг
Хаадын зарлигтай нутгийг Хатанбулаг гэдэг юм
Хангийн цэнхэр говийг Монголын босго гэдэг юм
Туурт ажнай хүлгийн домог хүүрнэн амилж
Тууль хайлах өвгөдийн хуурын хөг уянгалдаг
Хугасхан өдрийн бороонд хашгирч ургасан таананд
Хулан зээрийн сүрэг өнгө хослон сүргэлдэг
Хаадын зарлигтай нутгийг Хатанбулаг гэдэг юм
Хангийн цэнхэр говийг Монголын босго гэдэг юм
Эрт гавлын ертөнц Эргэлийн зоо нь сунайж
Ээрэм талын зэрэглээ нь Жаламын аянд сугсалздаг
Найргийн цагаан дэнж хатны булгийг хормойдож
Намрын сар буцалгүй Шивнээн хавцалд нь өнждөг
Хаадын зарлигтай нутгийг Хатанбулаг гэдэг юм
Хангийн цэнхэр говийг Монголын босго гэдэг юм
Хоргын сүлэг хайрханд азарган чоно ульж
Холын чимээг анирдан Толийн булаг нь мяралздаг
Буйдхан нутгийн төрх үгсийн урнаар хөглөж
Буурал түүхийн жим нь босоо бичгээр сүлжигддэг
Хаадын зарлигтай нутгийг Хатанбулаг гэдэг юм
Хангийн цэнхэр говийг Монголын босго гэдэг юм. ( 2023 он)
Тэрээр Монгол орны хязгаар нутгаас ч, аагим халуун Африк тивээс ч эх орон, ижий аав, хайртай бүхнээ, Монголоо гэх чинхүү сэтгэлээ шүлгийн мөрт болгон буулгаж байдаг эгэл нэгэн найрагч, эх орноо хайрлан харамлах энгийн ард, тангараг өргөсөн хийморьтой офицер, АГААРЫН ХИЛИЙН ДАРХАН МАНААЧ билээ.
Монголын босго Хатанбулагаас агаарын хил тайвныг илтгэж байна.
Хошууч Л.САРАНЗАЯА