Агаарын цэргийн командлалын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын тасаг санаачлан Эх түүхээрээ аялахуй сэдэвт музейн аялал эхлүүлсэн ба сард нэг музей үзэж байхаар төлөвлөсөн байна. Энэ удаа төлөвлөгөөний дагуу Чойжин ламын музейгээс аялал эхэлж байгаа билээ.
Музейн тухай дурдваас: Cүмийн барилгын цогцолборыг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 оны хооронд Их хүрээний нэрт уран барилгач Омбо тэргүүтэй 300 гаруй эрдэм билигт урчууд бүтээн байгуулжээ. БНМАУ-ын Бага хурлын 1941 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр Чойжин ламын сүмийг нэгдүгээр зэргийн хамгаалалтад авч, улмаар 1942 оноос эхлэн дотоод, гадаадын томоохон зочид төлөөлөгчдөд тусгай зөвшөөрлөөр үзүүлэх шашны музей болгосон ба Монгол Улсын Гэгээрлийн сайдын 2000 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 293/7 тоот тушаалаар шашны түүхийн музейн харьяаллаас гарч бие даасан байгууллага болсон.
Дотооддоо зохион байгуулж буй соёлын ажилд бүрэлдэхүүн идэвхтэй оролцсоноос гадна үндэсний хувцас өмсөн ирж үйл ажиллагаанд хамрагдсан нь хамт олны гар нийлэмжтэй байдлыг илтгэсэн юм. Мөн алба хаагчид хүүхдүүдтэйгээ хамт ирж музей үзэж сонирхлоо.
Монгол хүмүүн байсны мөрөө өнөөдөр л бид бүтээнэ. Маргааш гэхэд бид хэдийн түүхийн шаргал хуудас болон өчигдөрт үлдсэн байх болно. Музей үзэх моодыг Агаарын цэрэг эхлүүлж байна. Эх түүхээрээ аялахыг Монгол хүн бүхэнд уриалж байна.
Хошууч Л.САРАНЗАЯА