Цэргийн нисэх хүчний анхдагч анги болох Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн үүсэн байгуулагдсаны түүхт өдөр уламжлал ёсоор ангийн удирдлага хамт олон бэлтгэл, чөлөөнд байгаа ахмад дайчид, ангийн ууган ажилтан албан хаагчиддаа хүндэтгэл илэрхийллээ.
Энэ өдөр Зэвсэгт хүчний 337 анги нь шинэчлэгдэн батлагдсан “Цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын дагуу бүтээн байгуулсан жагсаалын талбайг нээх ёслолын ажиллагаа, цэргийн гавьяаны амралтанд гарсан, цэргийн албанаас бэлтгэлээр чөлөөлөгдсөн алба хаагчид байлдааны туганд хүндэтгэл илэрхийлэх арга хэмжээг тус тус ёслол төгөлдөр зохион байгуулсан юм.
Уг арга хэмжээнд Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, бригадын генерал Б.Батбаяр, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн дарга С.Билэгтборзаяа, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын тэргүүн ахлагч Л.Баттөмөр, Налайх цэргийн хотхоны орлогч дарга хурандаа О.Аюурзана, үе үеийн ангийн удирдлага, ахмад дайчид, нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.
Мөн хүрэлцэн ирсэн зочдод ангийн удирдлагаас ангийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг танилцуулж, цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтыг өргөн барьсан юм.
Хошууч А.БААСАНПҮРЭВ