Баруун аймгуудаар цаг агаар хүйтэвтэр, анхны цас хаялсан сэрүү унасан өдрүүд дуусч намрын налгар өдрүүд үргэлжилсээр...
Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өнгөрөгч тав дах өдөр олон улсын ахмадын баярыг угтан тус ангиас тэтгэвэр, чөлөөнд гарсан өндөр настан, ахмадуудаа ангийн байрлалд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Агаарын хилчин ахмадуудаа хүлээн авах энэ өдөр намрын дунд сарын жиндүүхэн өдрүүдийг хааж тэнгэр хүртэл хүндэтгэл үзүүлэх шиг цэлмэгхэн, дулаахан өдөр байлаа. Өндөр настан, ахмадууд маань хойч үеийнхээ залуу бүрэлдэхүүндээ сургамж, зөвлөгөө өгсөн гурван үеийн уулзалт, тэдэнтэй халуун дулаанаар найрсаг орчин бүрдүүлсэн үдшийн цэнгүүн гэсэн хоёр хэсэгтэйгээр арга хэмжээгээ зохион байгуулсан юм.
Олон улсын ахмадын баярыг тэмдэглэн хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хүрээнд ангийн ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг явуулах танхим тохижуулан өндөр настан, ахмадууддаа хүлээлгэн өгсөнд ахмадууд маань сэтгэл өндөр байлаа.
Үдшийн цэнгүүний үеэр ангийн бие бүрэлдэхүүн болон өндөр настан, ахмадуудын дунд цэнгээнт бүжгийн тэмцээн зохион байгуулж явууллаа. Тус тэмцээний нэгдүгээр байрт “Ахмадын нэгдүгээр баг”, хоёрдугаар байрт “Алаг нүдэн баг” тус тус шалгарсан юм.
хошууч Л.САРАНЗАЯА