Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга агсан хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит “Цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор” тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Тус тэмцээн нь энэ жил анх удаагаа цар хүрээгээ тэлж Зэвсэгт хүчний төрлийн цэрэг, хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
Тус тэмцээнд 14 анги, байгууллагын 15 баг, 80 гаруй тамирчид мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, хурд хүч, оюун ухаанаа дайчлан зургаан төрөлд өрсөлдсөнөөс Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн холбоочин дайчид маань багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарч “Шилжин явах цом”-ын эздээр тодорсон юм.
Тэмцээнд амжилттай оролцож “Зэвсэгт хүчний аварга” болсон холбоочин дайчдаа 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ангийн байрлалд хүндэтгэн угтах ёслолын арга хэмжээг зохион байгуулан хүлээн авлаа.
Энэхүү тэмцээнд амжилттай оролцож “Зэвсэгт хүчний аварга” болсон цэргийн алба хаагчиддаа баяр хүргэж, албанд нь амжилт хүсэн цаашдын тэмцээн уралдаануудад нь улам их амжилт гаргахыг ангийн удирдлага захиж, үндсэн мэргэжлээ чадварлаг эзэмшиж Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээн, уралдаан болон тив дэлхий, улсын чанартай томоохон тэмцээнүүдэд амжилт гаргасан алба хаагчдыг дэмжин ажиллахаа ангийн удирдлага мэдэгдлээ.
Мөн энэ оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Баруун бүсийн хурдач радист" шалгаруулах тэмцээнд амжилттай бэлтгэж, оролцохыг үүрэг болгон, гаргасан амжилтаа бататгахыг ерөөлөө. Энэ үеэр ангийн захирагчийн тушаалаар зарим ахлагч нарт албан тушаалын цол гардуулсан юм.
Холбоочдын яруу алдар бадартугай.
Дэслэгч Э.ЭРДЭНЭСҮХ