Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн заах аргын зөвлөлөөс ангийн офицер, даргалах албан тушаалын ахлагч нартай “Өөрчлөлтийг өөрөөсөө” сэдвийн хүрээнд 2023-2024 оны сургуулийн жилийг угтсан заах арга зүйн цугларалтыг амжилттай зохион байгуулав.
Ангийн заах арга зүйн цугларалтыг хоёр үе, шаттай зохион байгуулж, 2023-2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөө, зорилго, зорилт, зохион байгуулж явуулах онцлог, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрсэн үр дүнтэй сургалт боллоо. Тус цугларалтын I үе шатад “Ангийн цэргийн сургалт бэлтгэлийн менежментийн өөрчлөлт онол арга зүй”, II үе шат Бүлгийн хэлэлцүүлэг, харилцан яриа сэдвийн хүрээнд явагдав.
Ангийн Заах арга зүйн цугларалтыг нээж ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаа “Өөрчлөлтийн менежментийг цэргийн сургалт бэлтгэлтэй уялдуулах нь” сэдвээр илтгэл хийж, Зэвсэгт хүчний Удирдах бүрэлдэхүүний цугларалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаас өгсөн үүрэг даалгаварыг нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулсан.
Тус цугларалтаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн сэтгэл зүйч Х.Ариунцацралыг урьж, “Сэтгэл зүй, удирдлагын манлайлал” сэдвээр бие бүрэлдэхүүнд яриа хийлгэсэн юм.
Хошууч Д.Мөнхсайхан “Биеийн тамир спортын менежментийг төгөлдөржүүлэх арга зүй”, дэд хурандаа П.Цэцэгмаа “Цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах үеийн материал хэрэгслийн хангалтыг зохион байгуулах онцлог”, ангийн их эмч Б.Бадамхатан “Эмийн зохистой хэрэглээ”, хошууч Ч.Санждорж “2023-2024 онд цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах онцлог, арга зүй” сэдвүүдээр илтгэлийг хэлэлцүүлсэн.
Бүлгийн хэлэлцүүлгийг “Сургалт бэлтгэлийг зохион байгуулах арга хэлбэр, үр дүн” сэдвээр явуулж, Заах арга зүйн цугларалтыг амжилттай зохион байгууллаа.
ахмад Г.БИЛГҮҮТЭЙ