Зэвсэгт хүчин 2023-2024 оны сургуулийн жилийг Манлайллаас-Өөрчлөлтөд шилжих, өөрчлөлтийн төлөө хамтдаа гэсэн уриалгын дор Ахлагчийн жил болгон зарласан билээ. Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан Агаарын цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоог төгөлдөржүүлж, сургалтын шинэлэг менежментийг нэвтрүүлэх замаар мэргэжлийн цэргийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгыг дэвшүүлэн сургуулийн жилийн нээлтээ энэ өдөр хийлээ.
Тус арга хэмжээг Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, штабын даргын орлогч хурандаа Б.Мөнх-Ирээдүй нээн үг хэлж нийт алба хаагчдад өөрийгөө хөгжүүлэх эрмэлзлэлээр дүүрэн байж өөрийгөө үнэл, дүгнэ, дутуугаа нөх, баг хамт олноороо хамтарч өөрчлөлтийн төлөө хамт байхыг уриалсан юм.
Сургалт, штабын бэлтгэлийн ахлах офицер, дэд хурандаа О.Амарсанаа 2022-2023 оны сургуулийн жилийн ололт амжилтыг дурдаж цэргийн сургалт бэлтгэл хэрхэн зохион байгуулагдсан талаар тайлан тавьлаа. Командлалын соёл хүмүүжлийн офицер, цэргийн ухааны магистр хошууч Ө.Нарантуяа хамт олны гар нийлэмжтэй ажиллагаа, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилготой “Харилцаа, хандлага” сэдвээр лекц орж, стресс тайлах дасгал ажиллуулсан юм.
Мөн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн их эмч П.Аззаяа манлайлаллын шилжилт, хүний хөгжлийн лекц орсноор сургуулийн жилийн нээлтийн нэгдүгээр шат амжилттай өндөрлөлөө.
хошууч Л.САРАНЗАЯА