Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Номын сангийн зөвлөлөөс” бие бүрэлдэхүүнийхээ оюуны хэрэгцээг хангах “Ном бол ертөнцийг харах цонх” сэдэвт ном сурталчилах өдөрлөгийг “Аз хур” их номын дэлгүүртэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Энэхүү номын өдөрлөгийн арга хэмжээг захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч Ч.Санждорж нээж, Аз хур номын их дэлгүүр өдөрлөгт зориулан 100 гаруй нэр төрлийн 250 гаруй номын үзэсгэлэнг дэлгэж, уншигчдад танилцуулан, шинэ номын ашиглалт, номын фондын хадгалалтын талаар мэргэжлийн зөвлөгөө өглөө.
Ангийн бие бүрэлдэхүүн уншихыг хүссэн, өөрт хэрэгтэй шинжлэх ухаан, уран зохиолын болон хүүхдийн ном, сурах бичгийг худалдан авсан бол ангийн номын сангийн номын сан хөмрөгт баяжилт хийж цэрэг дайны түүх, 2023 оны шилдэг борлуулалттай уран зохиолын 25 ширхэг ном худалдан авч нийт хамт олныхоо оюунд хөрөнгө оруулалт хийсэн юм.
Ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаа өөрийн хувийн номын сангаас бүрэлдэхүүнд хэрэгцээтэй ном, гарын авлагыг ангийн номын санд хандивлан, ангийнхаа номын сангийн сан хөмрөгийн баяжилтыг тасралтгүй шинэчлэн ном сонирхогч хамт олныхоо номын хэрэгцээг ханган, тасаг албадын хамтын ажиллагаа, хамт олонч байж, нэгдсэн нэг зорилготой нэгнээ дэмжиж ажиллахыг уриалсан юм.
Тус номын өдөрлөгийн хүрээнд 2022-2023 оны сургуулийн жилд хамгийн олон ном уншсан цэргийн алба хаагч буюу ангийн “Шилдэг уншигч”-аар ахлах ахлагч Б.Баярмэнд шалгарч түүнд ангийн захирагчийн талархал болон шинэ номын дээжийг гардуулж өглөө.
Шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хирээр орчин үеийн залуучууд гар утас түлхүү хэрэглэн номтой нөхөрлөх нь багассан хэдий ч, энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар ангийн бие бүрэлдэхүүний номтой нөхөрлөх, ном унших сэдлийг төрүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
Зэвсэгт хүчний 303 дугаар анги нь ангийн дотоод орчноо хүний хөгжлийн орчин болгоход анхаарч сан хөмрөгийг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүнийг номтой нөхөрлөхөд сэдэлжүүлэх үүднээс Зэвсэгт хүчний жишиг номын сантай болох зорилго тавин номын сандаа урсгал засвар хийн сэргээн засварлахаар төлөвлөн ажиллаж байна.
ахмад Г.БИЛГҮҮТЭЙ