Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн Ахлагчийн зөвлөлөөс “Зэвсэгт хүчний Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Завхан аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт ахлагч нартай хамтран тусгай хөтөлбөрийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 01-09-ний хооронд төлөвлөгөөт ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллалаа.
Завхан аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн бүрэлдэхүүнийг ангийн байрлалд урьж, Зэвсэгт хүчин, Агаарийн цэргийн болон ангийн өдөр тутмын үйл ажиллагааг танилцуулж, ахлагчийн албаны талаар мэдээлэл сурталчилгааг хүргэн ажилласны зэрэгцээ Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад “Ахлагчийн алба, түүний үүсэл хөгжил” сэдвээр лекц уншиж эх оронч үзэл суртлыг нэмэгдүүлэх зорилгоор мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж явуулсан юм.
Мөн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлагчийн зөвлөлөөс Завхан аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт ахлагч нартай хамтран Завхан аймгийн Онцгой байдлын газрын үйлчлэгч Г.Баярмаад энэ өвлийг өнтэй сайхан дулаан өвөлжөөрэй хэмээн 1 машин түлээний мод, 20 шуудай шахмал түлшийг хашаанд нь буулган, түлээний модыг хөрөөдөж, түлхэд бэлтгэж өгсөн юм.
Ахлагчийн албаны тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “Ахлагчийн алба бидний бахархал” сэдэвт нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж явуулсан ба байгууллагуудын ахлагч нарын дунд сугалаа явуулан тэмцээнд оролцох багийг бүрдүүлсэн нь нөхөрсөг тэмцээний онцлог байсан юм. Тэмцээний төгсгөлд тэд хоорондоо илүү дотно танилцаж, халуун дулаан эерэг уур амьсгалыг төрүүлсэн, байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлсэн сайхан тэмцээн болж өндөрлөлөө.
Дэслэгч Э.ЭРДЭНЭСҮХ