Хамт олондоо өдрийн хоолыг нь өгөнгөө мэнд мэдэн даруухан инээмсэглэх нэгэн бүсгүйтэй ярилцсан товч ярилцлагыг уншигч олон та бүхэнтэй хуваалцъя.
- Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Ц.Х: Сайн, сайн байна уу? Намайг Цэрэндоржийн Хүрэл-Од гэдэг. Хүүхдүүдийн хамт амьдардаг өрх толгойлсон ээж хүн байна аа. Би Зэвсэгт хүчин хэмээх их айлд 2021 оноос хойш ажиллаж байна. Одоогоор Агаарын цэргийн командлалын Хангалт үйлчилгээний тасагт бэлтгэгч тогоочоор ажилладаг.
- Та манай сайтаар дамжуулан хамт олондоо талархсан сэтгэгдлээ илэрхийлнэ гэж байсан шүү дээ. Энэ тухайгаа ярьж өгөхгүй юу?
Ц.Х: Тийм ээ. Агаарын цэргийн командлал шинэ байрлалд нүүж ирсэн, шинээр Хангалт үйлчилгээний тасаг бүтцэд орсонтой зэрэг шахуу л би энэ хамт олны эд эс болон ажиллаж байна. Энэ хүмүүс дунд ажилласнаараа би хамт олон гэж ямар сайхан уур амьсгалтай, нэгнээ гэсэн сэтгэлтэй, жаргал зовлонгийн аль ч үед дэргэд түшиж, тулж байдгийг мэдэрсэн. Миний хамт олон ёстой л хэнд ч хэлж зүрхлэхгүй дотогшоо шаналж явах үед минь намайг түшсэн гэх үү дээ. Сэтгэлийн дэм өгөхөөс гадна эдийн засгийн бэрхшээлээс болж тулгамдаж байсан асуудлыг минь шийдэж өргөө цагаан гэр авч өгсөн байдаг юм аа. Цагаа тулхаар хүн баярлалаа гэхээс өөр үг хэлж чаддаггүй юм билээ.
- Бусдад баярласан сэтгэлээ үгээр илэрхийлж хэлнэ гэдгээс өөр талархал байна гэж үү?
Ц.Х: Яг л зөв цагтаа хүргэсэн тус байсан болоод ч тэр үү. Яахын аргагүй маш их баярлах үйл явдал байсан. Тэгээд би бусад хүмүүс энэ талаар мэдээсэй гэж хүссэн. Миний хамт олныг, Зэвсэгт хүчний алба хаагчдыг бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг юм шүү гэж хэлхийг хүссэн. Мөн дэд хурандаа С.Пагмадулам даргатай Хангалт үйлчилгээний тасгийн хамт олон, Агаарын цэргийн командлалын удирдлагууддаа чин сэтгэлийн талархал дэвшүүлмээр байна.
- Сайхан хамт олонтой хүн юм та. Хамт олноо тодорхойлж хэлэхгүй юу?
Ц.Х: Хамт олны уур амьсгал ямар байхаас шалтгаалан хүний ажлын эрч хүч яг л тийм байдаг гэж үнэн. Цэргийн хүмүүс болоод ч тэр үү манай хэд за бол за гэсэн хэлсэн ярьснаа бат биелүүлчихдэг, дэлхийн энх тайвны үйлсэд хувь нэмрээ оруулж явсан хүмүүсийн хувьд хүнд хэцүү нөхцөлийг бодитоор үнэлдэг болчихсон. Тэд маань өргөсөн тангаргаа гүн ухамсарласан, тайван цагт ч өөрсдийнх нь үндсэн зорилгод иргэн нэг бүрийн энх тунх амьдрал нэгдүгээрт байдаг ийм л хүмүүс. Хамт олныг минь харж байгаа хүүхдүүд минь ч эхнээсээ цэргийн хүн болно оо гэж ярих, мөрөөдөх болсон. Эх оронч хүмүүс гэвэл миний хамт олныг хэлэх байх.
- Ярилцсанд баярлалаа. Таны ажилд болон танай хамт олонд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Ц.Х: Баярлалаа.
Ярилцсан: хошууч Л.САРАНЗАЯА