ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа ангиудад офицер, ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдон ажиллаж байсан алба хаагч нартай Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байсан цэргийн анхан шатны бэлтгэл, сургалт амжилттай явагдан дуусаж алба хаагчид эх орноо батлан хамгаалахаа андгайлан цэргийн тангаргаа өргөлөө.
Тус сургалт нь шинээр цэргийн албанд томилогдсон бүрэлдэхүүнийг цэргийн албаны нөхцөлд дасган, цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгож, албан үүрэгт нь сургах, бие бялдар болоод сэтгэл зүйн хувьд бэлтгэх зорилготой юм.
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан, Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, Агаарын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Н.Баттөмөр, Агаарын цэргийн командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Ж.Одсүрэн болон тангараг өргөх бүрэлдэхүүний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Цэргийн анхан шатны бэлтгэл, сургалтын их эмч энгийн А.Бэрхболд ажиллахын зэрэгцээ сургалтад хамрагдан энэ өдөр тангараг өргөснөөр хос тангарагтан болсон юм. Тэрээр “Би эрдэмт хүний амь нас эрүүл мэндийн төлөө эмчийн тангаргаа өргөсөн бол өнөөдөр эх орныхоо төлөө эр цэргийн тангараг өргөж хос тангарагтан болж буйдаа туйлын баяртай байна” гэж хэлсэн юм.
Тэргүүн ахлагч Д.Батхүдэр