Зэвсэгт хүчний Агаарын цэргийн харьяа ангийн офицерууд Батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлийн эзэн боллоо. Тодруулбал:
Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2023 оны шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны “Цэргийн технологийн дэвшил” төрөлд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар радиолокатрын тусгай ротын ахлах дэслэгч Б.Баянсан, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 324 дүгээр дивизионы дэслэгч Ц.Хас-Очир нарын “Морзын код боловсруулах тоон системийн хөгжүүлэлт” хамтын бүтээл тэргүүн байрт шалгарсан юм. Тэд уралдаанд оролцсон хамгийн залуу оролцогчид байснаас гадна Батлан хамгаалах салбарын судлаачид, доктор, ренжер, гадаадын их дээд сургууль төгссөн гээд олон чадварлаг, туршлагатай алба хаагч нартай өрсөлдөж, тэргүүн байрт шалгарч чадсандаа туйлын их баярлаж, урам зориг авсан тухайгаа дурдсан юм. Түүнчлэн “Гэртээ туршъя” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан Лайнус Полингийн нэрэмжит шинжлэх ухааны бүтээлийн уралдаан “Science fair 2023”-т уг бүтээлээрээ мөн амжилттай оролцсон юм.
Сонсогчийн ширээнээс сонирхлоо даган нөхөрлөсөн тэд одоо ч хамтдаа ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн электроникийн салбарт магистрантад суралцаж байна.
ҮБХИС-ийн “Эрдэм шинжилгээний инновацын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Л.Бямбажаргал багшийн удирдлагад техник, технологид хорхойсож, шинийг сэдэн эрэлхийлэн сурч байсан бөгөөд өнөөдрийн шилдэг бүтээлийн эзэн болох гараагаа олон улсын “ABU-ROBOCON” тэмцээнээс эхэлж байжээ.
Сургуулиа төгсөж орон нутагт томилогдон ажиллаж эхэлсэн цагаас байлдааны жижүүрлэлтийн ажиллагааг тасалдалгүй явуулахын үндэс нь холбооны бэлэн байдал хэмээн үзэж их сургуулийн ангийн андтайгаа ярилцан шинэ санаагаа сэдэж судалгаа, туршилтын ажлаа эхлүүлэн хөгжүүлснээр “Морзын код боловсруулах тоон системийн хөгжүүлэлт” бүтээл ийнхүү төрөн гэрчээ.
Дотооддоо ҮБХИС-ийг төгссөн боловсон хүчин, тэр дундаа залуу офицерууд хот, хөдөөгийн хаана ч ажилласан “ХИЙЕ, БҮТЭЭЕ” гэсэн сэдэл байвал хийж болдгийг харуулсан энэхүү инновацын бүтээл нь Агаарын цэргийн түүхэнд тод томруунаар дурсагдах ахиц дэвшлийн түүчээ болох нь дамжиггүй ээ.
Хошууч Л.САРАНЗАЯА