Нийслэлийн тээврийн цагдаагийн алба, Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын алба хамтран Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Замын хөдөлгөөний дүрмийг сурталчлан мэдээлэл өгсөн юм.
Мэдээллийн эхэнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдлын мэдээ, замын хөдөлгөөнд оролцогчдын гаргасан зөрчлийн талаар статистик судалгааг танилцуулан уг судалгаан дээр үндэслэн холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага тулгарсан талаар хэллээ.
Сургалтын талаарх мэдээллээс хүргэвэл: 2023 оны хэдэн сард автомашины оношилгоонд орсноос шалтгаалан энэ онд тухайн сардаа оношилгоонд орно. Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа нь улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран 1 болон 6-аар төгссөн бол 1 сард, 2 болон 7-оор төгссөн бол 2 сард, 3 болон 8-аар төгссөн бол 3 сард, 4 болон 9-өөр төгссөн бол 4 сард, 5 болон 0-ээр төгссөн бол 5 сард байхаар хуваарилжээ.
Торгуулийн хувьд Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн ногдуулсан татварыг 15 хоногтоо багтаан төлбөл 50% хөнгөрүүлэх, 15 хоногоос хэтэрвэл бүрэн төлөхөөр заасан.
RFID наалтын хувьд ямар нэгэн төлбөр хураамжгүй, Авто тээврийн Үндэсний Төвийн оношилгоо, бүртгэлийн бүх цэгүүдэд нааж байгаа аж. Энэхүү наалт нь тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк төрөл, өнгө, өмчлөгчийн утасны дугаар болон оношилгоо, татвар, торгууль, даатгалын гэсэн ерөнхий мэдээллийг агуулсан, уулзвар гарцууд дээрх суурилуулсан камерт уншихдаа зөрчилтэй эсэх мэдээллийг тодорхойлон дамжуулах систем юм.
Дээрх мэдээллийг өгсний дараа Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд автотехникийн цахим гэрчилгээжүүлэлтийн ажлыг зохион байгууллаа.
хошууч Л.САРАНЗАЯА