Чөлөөт бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 55 килограммын жингийн шигшээ барилдаан тун сонирхолтой өрнөж, эцсийн мөчид ялагч тодорсон нь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин олон улсын хэмжээний мастер, Азийн аварга ахлагч М.Дөлгөөн байсан юм.
Энэ барилдаанд “Алдар” спорт хорооны бөх, цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Отгонтуяа өрсөлдөгч М.Дөлгөөнийг 5:3 харьцаатайгаар хожиж байв. Гэтэл цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө Ази тивийн аварга М.Дөлгөөн сугадаж тонгорох мэхээр бүхэл 4 оноо авч, барилдааны хувь заяаг өөрчилсөн юм. Ийнхүү насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга боллоо.
М.Дөлгөөн медалиа гардан авсны дараа “Б.Отгонтуяа бид хоёр өмнө нь биесээ нэг нэг хожоод байсан. Хайнаа хагалах чухал барилдаанд хэдийгээр хожигдож явсан ч багшийнхаа үгийг сайн сонсож, маш тайван барилдсаны хүчинд хожлоо. Улсын аваргын тэмцээнд түрүүлснээр Азийн аваргад явах эрхтэй болсон. Энэ жилийн Азийн аваргад ноднингийн амжилтаа давтаж, дахин түрүүлэх зорилготой орно” хэмээн ярилаа.
Ахлах ахлагч Б.ЭРДЭНЭБАТ