Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг ахлагчийн хөгжлийн жил болгон зарласантай холбоотойгоор Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага ахлагчийн бүрэлдэхүүнээ дэмжин ажиллаж “Ахлагчийн албаны хөгжлийн өнөөгийн түвшин цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний I шатны бага хурлыг зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд хорооны харьяа тусгай ротуудын ахлагч нар цахимаар хамрагдсан юм.
Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Э.Энхбаяр үг хэлж ахлагчийн бүрэлдэхүүний албандаа хандах хандлага, ёс зүй, төлөвшил, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих, агаарын цэргийн ахлагч нарын ажил мэргэжлийн онцлог зэргийн талаар товч ойлголт өгч хурлын арга хэмжээг нээлээ.
Эрдэм шинжилгээний бага хуралд хорооны төв болон харьяа тусгай ротуудын ахлагч нар өөрсдийн бичсэн эссэ болон судалгааны ажлуудыг танилцуулан илтгэсэн юм.
Нийт оролцогчдын бичсэн эссэ болон судалгааны ажлуудаас дэд ахлагч Д.Бямбасүрэнгийн “Байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэдэг ахлагч нарын эрх зүйн орчны өнөөгийн байдал, төгөлдөржүүлэхэд бидний оролцоо”, ахлагч Г.Лутбаярын “Ахлагчийн албаны өнөөгийн байдал, эрх зүйн орчин”, ахлагч Б.Сумъяабазарын “Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг боловсронгуй болгох арга зүй”, ахлагч Б.Ичинхорлоогийн “Ахлагчийн албаны эрх зүйн орчны өнөөгийн байдал, төгөлдөржүүлэхэд бидний оролцоо”, энгийн Д.Баясгалангийн “Ахлагчийн бүрэлдэхүүний гэр бүлд тулгамдсан асуудал ба шийдэл”, ахлах ахлагч Б.Алтанзулын “Хөрш орнуудын ахлагчийн албаны хөгжил, хэтийн төлөв, түүнд хийсэн судалгаа”, ахлагч Б.Хонгорзулын “Зэвсэгт хүчний эмэгтэй ахлагч нарт тулгамдаж буй асуудал ба шийдэл”, ахлагч ахлагч Б.Ганбаатарын “Ахлагчийн албаны эрх зүйн орчны өнөөгийн байдал, төгөлдөржүүлэхэд бидний оролцоо”, дэд ахлагч Б.Гантуулын “Зэвсэгт хүчний эмэгтэй ахлагч нарт тулгамдаж буй асуудал ба шийдэл” зэрэг бүтээлүүд шалгарч, шүүгчдийн бүрэлдэхүүн эссэ болон судалгааны ажлуудаа дахин нэмж судлан албадын дарга нараас мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа авч улам төгөлдөржүүлэх тал дээр анхааран ажиллах үүрэг чиглэл өгснөөр эхний шатны шалгаруулалт өндөрлөсөн юм.
Хошууч Н.МӨНХБААТАР