Сар шинийн баярыг угтан Зэвсэгт хүчний ангиуд болон төрийн цэргийн байгууллагуудын дун 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээнд өмнө жилүүдэд зорьж ирэн амжилттай оролцож заншсан Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг тамирчид энэ жил өнжсөн билээ. Тэмцээндээ оролцож чадаагүй ч уламжлал болсон урлагийн олимп хэмээн нэрийддэг энэхүү тэмцээний цар хүрээг тэлж орон нутагтаа зохион байгуулсан юм.
Тодруулбал XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн сар шинийн баярыг угтан Завхан аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд анх удаа “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” уралдааныг аймгийн Соёл урлагийн газартай хамтран Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт зохион байгууллаа.
Энэхүү уралдааны Ерөнхий шүүгчээр МУГЖ Б.Гэрэлтогтох, шүүгч Монгол Улсын Тэргүүний ардын авьяастан, соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин О.Бат-Өлзий, шүүгч Соёл урлагийн газрын Соёл гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн И.Янжинлхам, шүүгч Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээл хариуцсан мэргэжилтэн Б.Ариунбаяр, шүүгч Сартуул шагайн харвааны өвлөн уламжлагч Д.Ренчиндорж нарын эрхэм хүмүүс шүүн явууллаа.
Тус уралдаанд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн “Этүгэн” баг, Онцгой байдлын газрын “Аврагч” баг, Алтан гадас одонт Цагдаагийн газрын “Цагаан шонхрууд” баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Бүргэдүүд”баг, Шүүх шинжилгээний албаны “Цагаан сүлд” гэсэн 5 баг дуу хуур, авьяас билэг, цэц мэргэн, оюун ухаанаа дайчлан өрсөлдлөө.
Уралдааны нийлбэр дүнгээр Онцгой байдлын газрын хошууч Г.Энх-Амгалан ахлагчтай “Аврагч” баг 117,3 оноогоор ТЭРГҮҮН БАЙР, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах дэслэгч Э.Жамъянпүрэв ахлагчтай “Бүргэдүүд” баг 116,2 оноогоор ДЭД БАЙРТ тус тус шалгарсан бол шилдэг удирдлагаар анги байгууллага, алба нэгжээ идэвх зүтгэлтэй, бусдыгаа манлайлан оролцуулсан Онцгой байдлын газрын дарга хурандаа Ө.Болд, шилдэг дуучнаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хамгаалалтын ажилтан ахлагч Э.Доржпунцаг, шилдэг шагай харваачаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлагч С.Базаррагчаа нар тус тус олноо өргөмжлөгдлөө.
Энэхүү уралдааныг Завхан аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулж явуулахаар болсон юм.
Дэслэгч Э.ЭРДЭНЭСҮХ