Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний 337 дугаар анги “Ахлагчийн жилийн нээлт”-ээ хийлээ.
Уг арга хэмжээг нээж ангийн захирагч хурандаа Э.Батсайхан хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад голлох бүрэлдэхүүнийг ахлагчийн алба эзэлж, тэр хэмжээгээр гүйцэтгэж буй үүрэг, хийгдэж буй ажил, байгуулж буй гавьяа нь хязгааргүй” хэмээгээд бахархал болсон албаа эрхэмлэж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэгтээ их амжилт гаргахыг хүслээ. Мөн Агаарын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Н.Баттөмөр “Ахлагчийн бүрэлдэхүүний сахилга бат, ёс зүйн төлөвшил, харилцаа хандлага ямар түвшинд байна тэр хэмжээгээрээ ахлагчийн алба бат бөх байна” гээд ангийн нийт ахлагчийн бүрэлдэхүүнд баяр хүргэлээ.
Тус ангиас ажил, амьдралын гараагаа эхэлсэн Тусгай хүчний цэргийн ахлагч тэргүүн ахлагч Б.Гантөмөр “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт”-ын талаар мэдээлэл хүргэж, “Чуулга уулзалт”-ыг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн албаны эрх зүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах, ахлагч нарын мэдлэг ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, ахлагчийн албыг сурталчлах, алба хаагчдаар дамжуулан хүүхэд залууст цэрэг-эх оронч үзэл хүмүүжил олгох бодлогын хүрээнд зохион байгуулагдах томоохон ажлуудыг танилцууллаа.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИ