Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар томилогдсон “Сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг” Зэвсэгт хүчний 337 дугаар ангид энэ сарын 21-ний өдөр ажиллалаа.
Сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлгийн багш нар уг сургалтаар “Бүлэг, багт би хэн бэ?”, “Харилцааны хэв шинж”, “EQ чадвар”, “Харилцааны зөрчил”, “Өөрийгөө үнэлэх үнэлэмж”, “Сэтгэл гутралын шинж тэмдэг, түүнээс гарах арга зам” гэсэн сэдвүүдээр оношилгоо сургалтыг зохион байгуулж, алба хаагчид өөрийн давуу болон сул талаа мэдэх, цаашид хөгжүүлэхэд нэмэр болохуйц үр дүнтэй сургалт болсон юм.
Тус сургалтаар бие бүрэлдэхүүнийг 5 бүлэгт хуваарилан дасгал боловсруулан ажиллуулж, бүлгийн гишүүдийн оролцоо ямар чухал болох, харилцааг амжилттай болгох дүрмүүд, EQ чадварыг хөгжүүлснээр ажлын бүтээмжийг хэрхэн дээшилдэг зэргийг ойлгуулсан сургалт боллоо. Мөн бие бүрэлдэхүүнийг уг сургалтад анхаарлаа бүрэн хандуулах, эерэг уур амьсгалыг бий болгох, өөрийнхөөрөө чөлөөтэй оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор бэлтгэл хичээлийг явуулсан ба хөгжөөнт, цэнгээнт бүжгийн тэмцээн зохион байгуулж алба хаагчдыг шагнаж, урамшуулснаараа ихээхэн онцлогтой байлаа.
Сургалтын бүлгийн хамт олонд ангийн захирагч хурандаа Э.Батсайхан талархсанаа илэрхийлэн “ТАЛАРХАЛ” хадгалуулсан ба “Сэтгэл зүйн тогтвортой байдал, итгэл үнэмшил нь цэргийн хүнд хамгийн чухал байдаг” гэдгийг онцолж, хичээлээр олж авсан мэдлэгээ ажил, амьдрал дээрээ хэрэгжүүлэхийг бие бүрэлдэхүүнд захилаа.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИ