Зэвсэгт хүчний 337 дугаар анги 2023-2024 оны сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний дагуу 03 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн Соёлын ордонтой хамтран ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын дунд авьяаслаг хамт олон шалгаруулах, авьяастнуудын эгнээг өргөтгөх, тэдний урын санг баяжуулах, бие бүрэлдэхүүний урлаг, уран сайхан, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэн, хамт олны хамтач гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлэх, үндэсний уламжлалт урлаг, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор урлагийн үзлэгийг зохион байгууллаа.
Урлагийн үзлэгийн ерөнхий шүүгчээр захирагчийн орлогч-штабын дарга дэд хурандаа Ж.Цэнгэлбаяр, Налайх дүүргийн соёлын ордны менежер Д.Батцэцэг, Налайх дүүргийн соёлын ордны драмын багш Б.Төгөлдөр нар уралдаанд оролцогчдын тайзны соёл, концертын найруулга, хувцаслалт зэргийг харгалзан үзэж шүүн дүгнэлээ.
Уралдаанд алба, салбарууд удирдамжид заагдсаны дагуу салбарын мэндчилгээ, уран уншлага, гоцлол дуу, гоцлол бүжиг, холимог найрал дуу, язгуур урлаг, дуэт дуу, гоц үзүүлбэр гэсэн 8 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Тэмцээний тэргүүн байрт Нислэгийн үйлчилгээний батальоны захирагч хошууч Г.Энхбаяр ахлагчтай “Тусгаар тогтнол” баг, дэд байрт Нисэх буудлын дарга хошууч Г.Ууган-Эрдэнэ ахлагчтай “Учиртай толгойнууд” баг, гутгаар байрт Нисдэг тэрэгний эскадрилийн захирагч ахмад М.Бат-Өлзий ахлагчтай “Шонхрууд” баг тус тус шалгарлаа.
СОЁЛ ХҮМҮҮЖЛИЙН ОФИЦЕР ДЭД АХЛАГЧ С.БАЯРХҮҮ