Зэвсэгт хүчний Агаарын цэргийн энэ жилийн тусгай тактикийн хээрийн сургуулийн нэг онцлог нь Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалууд нэгдсэн бодлого төлөвлөгөөний хүрээнд хамтран оролцож байгаа явдал билээ. Энэ сарын 09-ний өдөр болох байлдааны буудлага болон сөнөөгч онгоц, нисдэг тэрэгний сургуулийн нислэгийн бэлтгэлийг сайтар хангаж, бүх талын аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд мөрдөж, хээрийн сургуулийн бодлого-төлөвлөгөөгөөр дэвшүүлсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд шат дараалсан дадлагуудыг явуулсаар байна.
Тактикийн хээрийн сургуулийн удирдагч хурандаа Б.Энхзоргол сургуульд оролцож байгаа Агаарын цэргийн болон Хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд сургуулийн ерөнхий төлөвлөлт, дэс дарааллыг танилцуулж, Төрлийн цэргүүдийн харилцан ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар зааварчилгаа өглөө. Түүнчлэн сургуульд оролцож буй Хуурай замын цэргийн хугацаат цэргийн алба хаагчдад Агаарын цэргийн зэвсэглэл, тусгай техникүүдийг, харин Хуурай замын цэргийнхэн маань Агаарын цэргийн бүрэлдэхүүнд Мотобуудлагын болон Зенитийн артиллерийн зэвсэглэлийг танилцуулж, харилцан туршлага солилцов. Монгол Улсын агаарын хил, орон зайд хяналт үйлдэх, агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай зэвсэглэл, техниктэй танилцсан хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэгдэл өндөр байсан ба тэдэн дундаас байлдагч Ц.Шинэхүү (016 дугаар нэгтгэл) “Би хувьдаа зенитийн пуужингийн техникүүдээс ихэд сүрдлээ. Мөн эх орондоо эзэн байхын утга учир, эх орноо хамгаалах хүсэл эрмэлзлийг маань агаарын харуулчин ах нар улам өрдөж өглөө. Би Зэвсэгт хүчин улсын хил, тэр дундаа агаарын хилийг сахин хамгаалж байдаг гэж огт мэддэггүй байсан. Агаарын хилийн хяналт маш нарийн явагддаг гэдгийг мэдэж авлаа. Эх орондоо тангараг өргөн эх орны цэрэг болсондоо туйлын баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Зэвсэгт хүчний төрөл мэргэжлийн цэргүүд бидний эрхэм зорилго нэг. Бид эх орондоо хайртай.
Хошууч Л.САРАНЗАЯА