Зэвсэгт хүчний 2023-2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний Агаарын цэргийн байлдааны буудлагатай тусгай тактикийн хээрийн сургуулийг “Улсын онцгой районыг хамгаалах үеийн төрлийн цэргийн харилцан ажиллагаа” сэдвээр Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн районд зохион байгуулан явууллаа.
Тус сургуульд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Хуурай замын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал тэдгээрийн харьяа Зэвсэгт хүчний 10 анги, байгууллагууд болон Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа агаараас эрэн хайх, аврах тусгай 111 дүгээр анги нэгдсэн зохион байгуулалттайгаар хээрийн сургалтын төвийн байрлалд, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн зарим тусгай ротууд орон нутаг дах салбарын байрлалаас оролцон агаарын орон зайн хяналт үйлдэж мэдээллийг түргэн шуурхай дамжуулан ажиллалаа.
Тусгай тактикийн хээрийн сургуулийн байлдааны буудлага, нислэг, байлдааны жижүүрлэлтийн явцтай ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Зэвсэгт хүчний Тусгай хүчний командлагч бригадын генерал Б.Баатар, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга хурандаа Т.Мөнхбаяр, ЗХЖШ-ын зарим хэлтсийн дарга нар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр, цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын дарга хурандаа Э.Мөнх-Эрдэнэ, ОБЕГ-ын харьяа агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн захирагч хурандаа Ө.Мөнхдорж болон Зэвсэгт хүчний ангиудын захирагч нар болон Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчид үзэж сонирхлоо.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол сургуулийн удирдагчаар ажиллан “Улсын онцгой районы хамгаалалтыг зохион байгуулах үеийн Агаарын цэргийн бодит чадавх, удирдлага зохион байгуулалт, бүх талын хангалт, төрлийн цэргүүдийн харилцан ажиллагааны үндсийг тодорхойлох, тэдний оператив, тактикийн сэтгэлгээ, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх” зорилгыг дэвшүүлэн ажиллаж хээрийн сургуулийн зорилго, зорилтоо бүрэн биелүүллээ.
Энэ удаагийн сургуулиар сөнөөгч онгоцоор агаарт жижүүрлэх, агаараас тагнуул явуулах, цэргийн бүлэглэлийн байлдааны ажиллагаанд агаараас галын дэмжлэг үзүүлэх нислэгийг үйлдсэн нь үр дүнтэй боллоо.
Мөн орчин үеийн цэргийн операц, байлдааны ажиллагаанд өргөнөөр ашиглах болсон нисгэгчгүй нисэх хэрэгсэл, дроныг агаараас тагнуул үйлдэх, дайсны газрын цель дээр тэсрэх бөмбөг хаях, байлдааны талбарт шархтсан алба хаагчдад нэн шаардлагатай байгаа эмнэлгийн түргэн тусламжийн хэрэгслийг шуурхай зөөвөрлөн хүргэх зэрэг олон хэлбэрээр ашиглах туршилтыг хийв.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат “Агаарын цэргийн түүхэнд болж буй анхны хамтарсан томоохон байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль болж өндөрлөлөө. Агаарын цэргийн хэмжээнд ашиглаж буй аналоги үйлдлийн системийн станцуудыг тоон үйлдлийн систем болгон өөрчлөн шинэчилж байгаа. Өнөөдрийн сургуулиар тоон үйлдлийн систем бүхий радиолокацын станцуудыг түлхүү ашиглалаа. Энэ нь цаашид зэвсэглэл, техникээ өөрсдөө шинэчлэх ихээхэн урам зориг хайрласан үйл явдал юм.
Мөн манай залуу боловсон хүчний гардан хийж буй агаарын цагийн байдлын мэдээг боловсруулах, дамжуулах үйл ажиллагааг автоматжуулах төслөө амжилттай туршлаа. Үүний зэрэгцээ дроноор бөмбөг хаях, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагааг зохион байгууллаа. Их шинэлэг сайхан сургууль болж байна.
Тэртээ 1991 онд анх Агаарын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд сөнөөгч онгоцоо нисгэж байсан. Үүнээс хойш 33 жилийн дараа өөрсдийн сөнөөгч онгоцоор, өөрийн нисгэгчтэйгээр хамтарсан байлдааны буудлагатай тусгай тактикийн хээрийн сургуульд оролцлоо.
Төрлийн цэргийн үйл ажиллагаа бэхжихэд маш чухал нөлөөтэй сургууль боллоо. Энэ сургуульд хамтран оролцсон Хуурай замын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал, ОБЕГ-ын харьяа агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн хамт олон та бүхэнд Агаарын цэргийн нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал дэвшүүлье.” хэмээгээд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн төрлийн цэргийн командлал, анги, байгууллагуудад дурсгалын зүйл гардуулан өгсөн юм.
ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр: Зэвсэгт хүчний цэргийн сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу нэгдүгээр үеийн төгсгөлийн хээрийн гаралт, шалгалт, байлдааны буудлага, дадлага үүгээр өндөрлөж байна. Агаарын цэргийн тусгай тактикийн хээрийн сургуульд Агаарын цэргийн үндсэн гурван салбар болох нисэх, радиотехник, зенитийн пуужингийн ангиуд хамтран гар нийлэмжтэй ажиллагаагаа хангасан ач холбогдолтой сургууль боллоо. Сургуулийн хүрээнд Зэвсэгт хүчний цэргийн бүлэглэлийг агаараас халхлах үндсэн сэдвийн хүрээнд агаарын өндөр, дунд, нам өндөрт халхлалт хамгаалалтыг хэрхэн яаж зохион байгуулах уу, түүнд үндсэн 3 төрөл мэргэжлийн цэрэг хэрхэн оролцоогоо хангаж оролцох вэ гэдгийг хуурай замын цэргийн байлдааны ажиллагааны үндсэн суурин дээр зохион байгуулснаараа онцлог байлаа.
Энэ сургуулиар төрлийн цэргүүдийн байлдаан, хамтарсан операц явуулах үеийн харилцан ажиллагааны олон асуудлыг боловсруулснаас гадна хэд хэдэн шинэлэг технологи, арга тактикийг туршиж үзсэн нь тэдгээрийг цаашид цэргийн хэрэгт нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхэд дэм болсон маш ач холбогдолтой, үр дүнтэй сургууль боллоо гэж дүгнэж байна. Сургуулийн үр дүнгээс харахад төрөл мэргэжлийн цэргүүдийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх, шийдвэрлэх асуудлууд цөөнгүй байгаа нь харагдаж. Үүнийг дараа дараагийн сургалт, дадлагаараа Агаарын цэргийн хэмжээнд төдийгүй Зэвсэгт хүчний хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй юм. Агаарын цэргийн энэ тусгай тактикийн хээрийн сургуульд 2 командлал, ОБЕГ-ын харьяа 111 дүгээр анги үүрэг оролцоогоо сайн хангаж оролцлоо. Цаашдаа төрлийн цэргүүд хамтарсан сургалт, дадлагууд олон зохион байгуулагдах болно. Энэ хавар зохион байгуулагдаж байгаа сургалт, дадлагууд сургуулийн жилийн хоёрдугаар үед үргэлжлэн явагдах олон улсын болон бусад хамтарсан сургуулиудын урьдаж нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.
Ингээд сургуульд амжилттай оролцсон нийт бие бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын дарга болон даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье. Сургалт бэлтгэлт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээгээд аюулгүй байдлыг чанд сахин ажиллахыг үүрэг болгов.
Цэргийн хөдөлмөр бол хамтын хөдөлмөр. Их цэргийн хөндийд 19-хөн настай хугацаат албаны байлдагч, шинэхэн дэд ахлагч нь хурандаа нартайгаа хамт мөр зэрэгцэн хөдөлмөрлөсөн уйгагүй зүтгэлийн амжилт, баяр бахдал нь цэргийн эрдмээ бататгасан дайчдын сүр жавхаа, станц, техник, нисдэг тэрэг, сөнөөгч онгоцны ёслолын парад байсан юм.
Хошууч Л.САРАНЗАЯА