Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн ахлагчийн бие бүрэлдэхүүн энэ сарын 05-ны өдөр Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уг үйл ажиллагаанд нийт 40 гаруй ахлагч хамрагдсан бөгөөд ангийн захирагч хурандаа Э.Батсайхан ахлагчийн бие бүрэлдэхүүнийг угтан авч хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад голлох бүрэлдэхүүнийг ахлагчийн алба эзэлж, тэр хэмжээгээр гүйцэтгэж буй үүрэг, хийгдэж буй ажил, байгуулж буй гавьяа нь хязгааргүй байгаа. Тийм учраас бахархал болсон албаа эрхэмлэж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэгтээ өндөр амжилт гаргаарай” гээд ангийн үйл ажиллагаа, түүхэн замнал, нислэг нислэгийн урьдчилсан бэлтгэл , байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэгний сургууль дадлагын нислэгийн талаар танилцуулгыг хийж, богино хэмжээний видеог толилууллаа.
Тус арга хэмжээний дараа хүрэлцэн ирсэн ахлагч нарыг ангийн дайчин алдрын танхим, жагсаалын талбай болон ангийн бүтээн байгуулалтуудтай танилцуулж, нисдэг тэрэгний эскадрилийн бие бүрэлдэхүүн Ми-24в, Ми-8 нисдэг тэргүүдийг тээвэр байлдааны байдлаар дэлгэн байрлуулж, нислэгийн тусгай тоноглолтой авто техникүүдийг үзүүлж сонирхууллаа.
Дэд ахлагч С.БАЯРХҮҮ