Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол Агаарын цэргийнхээ анги салбаруудын үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 303 дугаар анги дээр ажиллав.
Арга хэмжээний эхэнд Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол, С.Билэгтборзаяа, хошууч Э.Мөнх-эрдэнэ нарыг ангийн захирагч, хурандаа Д.Шатаррагчаа угтан авч илтгэл өглөө.
Үргэлжлүүлэн ангийн үйл ажиллагаа, эрхэм зорилго, үндсэн үүрэг, ангийн түүх, ололт амжилт, ангийн бүтэц орон тоо, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй тус ангийн алба хаагчдын тоо, бие бүрэлдэхүүний нөхөн хангалт, сургалт бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, их бүтээн байгуулалтын ажлууд тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа.
Үүний дараа Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол болон албаны бусад хүмүүс тус ангийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд их засварт орсон штабын барилгын өрөө тасалгаатай танилцаж, спорт заал, холбооны агуулах, тавиулангийн үйл ажиллагаа, ШТМ-ын агуулах, ногооны зоорь, хүнс, хуурай хэрэглэлийн агуулахтай тус тус танилцаж тулгамдаж буй асуудлуудыг анхааралдаа авч ажиллахаа илэрхийлэв.
Мөн онцгой болон тусгай үүргийн нислэгийг өдөр, шөнө цаг агаарын ямар ч нөхцөлд тасралтгүй нислэг үйлдэж буй нисгэгч, инженер техникийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах тэдний гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулсан Онгоц нисдэг тэрэгний засварын төвийн үйл ажиллагаатай танилцаж, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сөнөөгч онгоц болон тус ангийн нисдэг тэрэг, зэвсэглэл техник, албан тушаалтнуудын өрөө тасалгаа, ажил үүрэгтэй танилцсан юм.
Үйл ажиллагааны төгсгөлд Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж Агаарын цэргийн хөгжлийн бодлого, цаашдын чиг хандлага болон дэвшүүлж буй зорилго, зорилтыг танилцуулан Агаарын цэргийн нэр хүнд, алдар гавьяаг ямагт өндөрт өргөж, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэж явахыг уриалж, тус ангид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв.
Ахмад Г.Билгүүтэй