Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын даргаар ажиллаж байсан бригадын генерал Б.Эрдэнэбат Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар томилогдоод багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.
Тэрээр Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ой, Монгол генералуудын өдрөөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цолны батламжаа гардан авсан юм.
Шинэхэн хошууч генерал Б.Эрдэнэбат нь Зэвсэгт хүчний 065 ангид зочилж, ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж хэлсэн үгэндээ "Миний амьдралын замналын нэгээхэн хэсэг Агаарын цэрэгтэй салшгүй холбоотой. Нэгэн жарны түүхээ тамгалж ойгоо хийх гэж буй Зэвсэгт хүчний 065 дугаар анги бол Монгол Улсынхаа төв болон зүүн, зүүн өмнөд бүсийн агаарын хил, агаарын орон зайг сахин хамгаалдаг бахархам үйлстэй билээ.Түүхт 60 жилийн ойгоо угтан тэмдэглэх гэж буй хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе” гэсэн юм.
Ахлагч П.Оюун-Эрдэнэ