Төр, цэргийн нэрт зүтгэлтэн дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийн нэрэмжит дурсгалын хөшөөний шав тавих ёслол 05 дугаар сарын 03-ны өдөр Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байрлалд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээний хүндэт зочдоор Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хатагтай П.Нарантуяа, Агаарын цэргийн ахмадын хорооны дарга, Агаарын цэргийн командлагч асан бэлтгэл хурандаа Ш.Энхбат, Налайх дүүргийн цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Пүрэвдорж, тус ангийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл болон ахмад дайчид хүрэлцэн ирсэн юм.
Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагч хурандаа Ч.Буянзаяа энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ эрхэм хүмүүний ажил амьдралын түүх болоод түүний Монголын Зэвсэгт хүчинд оруулсан их хувь нэмрийг дурдан, ялангуяа Улсыг Агаарын Довтолгооноос Хамгаалах Цэрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд эрхэм жанжныхаа хөшөөг бүтээн байгуулах ажлыг эхлүүлж байгаадаа туйлын бахдам баяртай буйгаа илэрхийлсэн юм.
Мөн шав тавих ёслолын төгсгөлд ар гэрийн төлөөлөл дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийн ууган охин П.Алтанцэцэг аавынх нь гэгээн дурсгалд зориулан хэрэгжүүлж буй үйл хэрэгт чин сэтгэлээсээ баярлаж талархаж буйгаа ангийн удирдлага болон хамт олон, хүрэлцэн ирсэн хүндэт зочдод илэрхийллээ.
Ийнхүү морин хуурын аялгуу эгшиглүүлэн дурсгалын зураг татуулснаар шав тавих үйл ажиллагаа ёслол төгөлдөр өндөрлөлөө
Дэд ахлагч З.ХОНГОРЗУЛ