Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдрийг байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад иргэдийн оролцоог хангах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон талт ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг юм.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги, салбарууд мод тарих хөтөлбөрүүдэд оройлон оролцсоор ирсэн билээ. Энэ удаагийн мод тарих үндэсний өдрийн хүрээнд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ангийн байрлалд эхний байдлаар 230 ширхэг бургас модыг тариад байна. Уншигч та бүхэн санаж буй бол өнгөрөгч онд “Ахлагчийн төгөл” байгуулж ажиллах орчныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлж байсан билээ.
Тэгвэл хөдөлмөрч хамт олон ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөөрөө 1000 ширхэг хайлаас мод нэмж тарихаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн байгаль эхээ хайрлан хамгаалж, мод тарих үйлсэд бүх нийтийг уриалж байна.
Дэд ахлагч З.ХОНГОРЗУЛ