Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар анги Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулж эхэлсний 22 жилийн ойн хүрээнд энхийг сахиулагчдын түүхэн замнал, алдар гавьяаг мөнхжүүлэх, иргэн цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор энэ сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн ахлах ангийн 50 гаруй сурагчдыг энхийг сахиулагч дайчдын түүхээр аялуулсан сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтыг Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албаны дарга хошууч А.Баасанпүрэв “Нэгдсэн Үндэсний байгууллагын үйл ажиллагаа”, “Олон Улсын энхийг сахиулах ажиллагаа”, “МУ-ын цэргийн багийн үйл ажиллагаа” сэдвүүдээр танилцуулгыг хүргэж, энхийг дэмжих ажиллагааны оролцоо, ач холбогдлын талаар мэдээлэл хүргэж, богино хэмжээний баримтат дүрс бичлэгийг толилууллаа.
Сурагчид “Энхийг сахиулах үйлс гэдгийг цэнхэр малгайтай цэргийн алба хаагчдын зургаар л төсөөлж ирсэн. Харин улс орондоо ямар их ач холбогдолтой, үр нөлөөтэй гэдгийг та бүхний өгсөн мэдээллээр ойлгож авлаа. Монгол Улсын энэ цагийн бахархал бол энхийг сахиулагчид юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан юм.
Дэд ахлагч С.Баярхүү