Монгол Улсын Зэвсэгт Хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 22 жилийн ой, Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг Зэвсэгт хүчний 325 дугаар анги тусгай төлөвлөгөөний дагуу тэмдэглэн өнгөрүүллээ.
Энхийг сахиулагчдын өдрийг угтаж ангийн “Энхийг сахиулагчдын зөвлөл”, мөн энхийг сахиулагчдын ар гэрийн зүгээс 2022 онд байгуулагдсан “Энхийг сахиулагчдын төгөл”-д 20ш улиас мод тарьж, өмнө тарьсан мод бутыг цэвэрлэх, услах ажиллагааг зохион байгуулсан юм.
Ангийн “Энхийг сахиулагчдын зөвлөл” суртал хүмүүжил сэтгэл зүйн албатай хамтарч “Хаалттай волейбол”-ийн хөгжөөнт тэмцээнийг мөн зохион байгууллаа. Тэмцээнд Иракын эрх чөлөө, Афганистан улсад явагдсан “Шийдвэртэй дэмжлэг”, НҮБ-мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 30 энхийг сахиулагч буюу 6 баг өрсөлдөж “Тэргүүн” байранд хошууч Б.Энхмандал ахлагчтай “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид, “Дэд” байранд дэд хурандаа Б.Энхбаяр ахлагчтай НҮБ-мандаттай UNMISS ажиллагааны MONBATТ-VII, Vlll ээлжээр үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид, “Гутгаар” байранд хошууч Ц.Гантөгс ахлагчтай MONBATT-V, VI дугаар ээлжид үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад, цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор Завхан аймгийн Улиастай сумын “Элдэв-Очирын нэрэмжит Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль"-ийн Г.Батдорж багштай 12б анги, Жавхлант цогцолбор сургуулийн Д.Гантуяа багштай 12а ангийн сурагчдад 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гүйцэтгэх үүрэг” сэдэвт танилцуулга сургалтыг хошууч Н.Мөнхбаатар, ахмад Ж.Жавхлантөгс, ахлах дэслэгч С.Даваа-эрдэнэ нар санаачлан зохион байгууллаа.
Энхийг сахиулагчдын өдрийг угтан ангийн байрлалд Улиастай сумын “Жаргалан” цогцолбор сургуулийн Ц.Амарсайхан багштай 7а ангийн сурагчдад “Ангийн түүхэн замнал, хөгжлийн хандлага” сэдвээр ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана, “Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гүйцэтгэх үүрэг” сэдвээр дэд хурандаа Т.Армия нар илтгэл хийж, танилцуулах сургалтыг зохион байгуулан, сурагчдад соёл хүмүүжлийн офицер дэслэгч Б.Билгүүн “Хэнгэрэг дэлхийн цэрэг” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, сургалтад оролцсон сурагчдыг ангийн спорт зааланд 3 цаг тоглох эрхээр ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана урамшууллаа.
Мөн 05 дугаар сарын 29-ний өдөр буюу “Олон улсын энхийг сахиулагчдын баяр”-ын нээлтийн ажиллагааг зохион байгуулж, уг ажиллагаанд ангийн удирдлагууд болон офицер ахлагч, ажилчин албан хаагч нар оролцлоо. Ангийн Захирагч хурандаа Ш.Аюурзана нийт бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрт баяр хүргэж үг хэллээ. Тус арга хэмжээнд зориулж соёл хүмүүжлийн офицер дэслэгч Б.Билгүүн “Хэнгэрэг дэлхийн цэрэг” дуугаар , ахлах радиотелеграфчин ахлагч Б.Сумьяабазар “Бади” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, “Хаалттай волейбол” тэмцээний шагналыг гардуулж, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн офицер, ахлагч нар ангийн хүндэтгэлийн хөшөөний өмнө дурсгалын зураг татууллаа.
Хошууч Н.Мөнхбаатар