
Бие бүрэлдэхүүнийхээ хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабаас албан хэрэгцээнд зориулж гарын авлага болон өврийн дэвтрийг бэлтгэн хэвлэн гаргалаа.
Энэхүү гарын авлага болон өврийн дэвтэрт Монгол Улсын төрийн дуулал, Цэргийн тангараг, Монгол Улсын батлан хамгаалах багц хуулиудаас гадна Зэвсэгт хүчний анги, салбаруудад ашиглагдаж байгаа 190-200 гаруй нэр төрлийн буудлагын зэвсэглэл, техникийн зориулалт, тактик техникийн өгөгдөхүүн зэрэг цэргийн алба хаагч нэг бүрийн зайлшгүй мэдэх ёстой эрх зүйн заалт, мэдээллүүдийг эмхтгэн оруулж өгсөн байна. Ингэснээр бие бүрэлдэхүүний хууль, эрх зүйн мэдлэг дээшлэх, өдөр тутмын ажил албандаа эдгээр гарын авлага болон өврийн дэвтрийг ашиглах боломж бүрдэх ач холбогдолтой арга хэмжээ болжээ.

Мөн тус анги дотооддоо “Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын цэргийн сэтгэл зүйн хангалтыг шалгаж, үнэлэх” зааврын дагуу Зэвсэгт хүчин болон өөрийн анги, салбаруудын үйл ажиллагааг сурталчлах, харьяа тусгай ротуудын өдөр тутмын үйл ажиллагаа, гүйцэтгэж байгаа үүрэг, онцлогийг ангийн бие бүрэлдэхүүнд тайлбарлан таниулах зорилгоор “Тэнгэрийн харуул” сонин эмхтгэн гаргажээ.
Уг сонины эхийг хорооны төвд бэлтгэж байгаа бөгөөд сар бүр нэг салбарын танилцуулга, түүхэн замнал, гүйцэтгэж байгаа үүрэг, ололт амжилт, сайн туршлагын талаарх мэдээ, мэдээллийг нийтлэхээр төлөвлөжээ. Мөн батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн хэмжээнд болж буй онцлох үйл явдал, тэмдэглэлт баяр, тэмцээн уралдааны талаарх мэдээллийг түлхүү оруулахыг зорин ажиллаж байна.
