Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой болон Зенит пуужингийн цэрэг үүссэний 60 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тусгай төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэн бие бүрэлдэхүүний ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, тав тухтай нөхцөлд үүрэг гүйцэтгэх боломжийг ханган, алба хаагчдын өрөө тасалгааны албаны ширээ, сандал, баримт бичгийн шүүгээнүүдийг шинэчлэн, штабын 2-3 давхрын дотор засал болон гэрэлтүүлгийн ажил мөн ухаалаг системд суурилсан хөдөлгөөн мэдрэгчтэй 360 градус хяналт үйлдэх зориулалттай камерыг шинэчлэн сайжруулж суурилуулсан ба ангийн аюулгүй байдлыг хангах үүднээс харуулын байрыг шинээр барьж, гадны хүн, мал амьтан нэвтрэхийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх зорилгоор ангийн хойд болон баруун, талын хамгаалалтын хашааны бүрэн бүтэн байдлыг хангуулж, блокоор өндөрлөж торон саад хийн, гадны хүн орохыг хориглох, цэргийн ангийн таних тэмдэг хаягийг байрлуулснаар ойн арга хэмжээний тусгай төлөвлөгөөний хэрэгжилт хангагдсаар байна.
Мөн бие бүрэлдэхүүний соёлын эрэлт хэрэгцээг хангах, мэдээлэл сурталчилгаа хийх зориулалт бүхий ангийн соёлын төвийн соёл гэгээрлийн техник хэрэгслийг шинэчлэн, дайчин алдрын тасалгаа, номын санд гэрэлтүүлэг, засварын ажил мөн Энхийг сахиулагчдын буланг шинэчилж тохижуулсан ба цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж бялдаржуулах танхимыг бүрэн хэмжээгээр засварлан тус тус тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Зенит пуужингийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчин тэр дундаа Агаарын цэрэг, Зенит пуужингийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Батлан Хамгаалах Яамны нэгдүгээр орлогч сайд, Ардын Армийн жанжин штабын дарга, Төр нийгмийн зүтгэлтэн дэслэгч генерал Чойндонгийн Пүрэвдорж агсны хөшөөг Алтан гадас одонт Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн хойморт сүндэрлүүлэх бүтээн байгуулалтын ажил энэ өдрүүдэд явагдсаар байна. Тус хөшөөний нээлтийн үйл ажиллагаа нь Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн өдөр тохиох юм.
Хошууч Б.НАНДИНЦЭЦЭГ