Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалын дагуу Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвийн бүрэлдэхүүн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг гамшгийн голомтод нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах онолын болон нисгэх дадлага эзэмшүүлэх “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн оператор-нисгэгч” бэлтгэх сургалт, дадлагыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын даргын баталсан хөтөлбөрийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 08-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Онцгой байдлын ерөнхий газраас 2, Нийслэлийн онцгой байдлын газраас 22, Үндэсний аврах бригадаас 2, шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв 119 дүгээр ангиас 4, нийт 29 алба хаагч хамрагдсан юм.
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн оператор бэлтгэх сургалт нь онолын, симуляцийн болон дадлага гэсэн үндсэн 3 хэсгээр зохион байгуулагдсан ба онолын хичээлийг ОБЕГ-ын материаллаг баазыг ашиглан явуулсан бол симуляци болон дадлагын хичээлүүдийг Нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвийг түшиглэн явууллаа.
Онцгой байдлын байгууллагын ашигладаг Autel evo, Phantom, Mavic pro болон mavic air зэрэг DJI, Autel компанийн бүх төрлийн серийн дронууд дээр суурилж, дадлага хичээлүүд явагдсан ба нийт суралцагчдыг цаг агаарын бүхий л нөхцөлд хээрийн нислэг, хотын нислэг, шөнийн нислэгүүдэд аюулгүй нисгэх ур чадварт суралцуулсан нь энэхүү сургалтын онцлог байв.
Мөн нэмэлтээр нийтлэг гардаг гэмтлийн талаар мэдлэг олгож, засвар үйлчилгээг хэрхэн хийх, агаар дээр дроны нислэгийн аюулгүй байдал алдагдахад хэрхэн арга хэмжээ авах зэрэг заавар зөвлөгөөг нийт суралцагсдад өгсөн.
Сургалтын хугацаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн дадлага болон онолын хичээлүүдээр суралцагсдын албаны онцлогт тохируулан шалгалт авч тэдний мэдлэгийг бататгаж байсан нь үр дүнгээ өгсөн гэж харж байгаа ба нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ бүхий л салбарт шаардлагатай болж буй энэ цаг үед энэ төхөөрөмжийг бүрэн ашиглах, цаашлаад засварлах чадамжтай боловсон хүчний эрэлт ч мөн адил нэмэгдэж байна. Тиймээс манай Нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвийн хамт олон өөрсдийн мэддэг, чаддаг бүхнээсээ бусадтай хуваалцахдаа хэзээд бэлэн бөгөөд мэдлэгээ бусадтай хуваалцах нь бидэнд үргэлж таатай байдаг хэмээн тус төвийн дарга ахмад Б.Золбоот хэлсэн юм.
Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч, хурандаа Э.Батсайхан, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Агаарын цэргийн командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн мэргэжилтэн, ахмад Ц.Анхмагнай, Судалгаа туршилтын төвийн дарга, ахмад Б.Золбоот болон нийт бие бүрэлдэхүүн оролцож амжилттай төгссөн суралцагсдад баяр хүргэж гэрчилгээ гардууллаа.
Хошууч Л.САРАНЗАЯА