
Зэвсэгт хүчний гол цөмийг төрөл мэргэжлийн цэргийн алба хаагчид бүрдүүлдэг. Энэ ч үүднээс тэдний ажил, үүргийн онцлогийг бусдад таниулах үүрэг "Соёмбо" сонинд оногддог юм. Анх их сургуулиа төгссөн цагаасаа эхлэн Батлан хамгаалах салбарт хот, хөдөө гэлтгүй хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа алба хаагчдын нэг нь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр ротын захирагчийн орлогч, ахмад Ч.Бумцэнд юм.
Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би Хөвсгөл аймгийн уугуул, 1991 онд төрсөн. 2008 онд дунд сургуулиа төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалт өгч шуудхан л их сургуульд орох мөрөөдөлтэй байсан хэдий ч боломж хомс байв. Учир нь, тухайн үед ар гэрийн асуудлаас болоод ажил хийх шаардлагатай болсон хэрэг. Тиймээс барааны захад наймаа хийж эхэллээ. Сурагчийн ширээнээс ажил хийж эхэлсэн учир ямар мэргэжил надад зохих бол гэсэн бодол байнга эргэлдэнэ. Ингэж бодсоор жил орчмын хугацаа өнгөрлөө. Тухайн үед одоо л ямар нэгэн мэргэжил эзэмшихгүй бол болохгүй нь гэж зориглон ээж, аавдаа хэлтэл цэргийн сургуульд сурахыг зөвлөсөн юм. Надад ч гэсэн цэргийн хүн болох хүсэл, сонирхол байсан болохоор шалгалт өгч 2009 оны намар Батлан хамгаалахын их сургуулийн Радио электроник, техникийн инженерийн ангид элсэж байлаа. Багаасаа физик, математикийн хичээлд сонирхолтой байсан болохоор энэ мэргэжил надад хамгийн дөхөм байсан. Дээрээс нь бид мэдээ, мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа. Үүнийгээ дагаад улс орны Зэвсэгт хүчин ч бас энэхүү салбар руу хүч түрэн орж ирж байгаа гэсэн шалтгааныг үндэслэн уг мэргэжлийг сонгосон. Манай анги 40 хүүхэдтэй байснаас 10 нь л сонсогч болж чадсаны нэг нь, би. Бид 2013 онд төгссөн.
Сонсогч байх үеийн дурсамжаасаа хуваалцвал ...
-Хожим бодоход маш сайхан дурсамжтай цаг хугацаа байсан. Анх цэргийн дүрэмт хувцас өмсөхөөс эхлээд дэг журам, сахилга, зохион байгуулалт гэдэг хэр чухлыг нь ухаарсан. Нэг удирдлага, нэг командаар нэгэн зэрэг хөдөлж, дүрэм, журмыг дээдэлж, түүнийгээ дагаад ч цэрэг хүний мөн чанарыг сайн ойлгосон. Бид өндөр зохион байгуулалттай байж л эх орноо батлан хамгаалж чадна гэдгийг бие, сэтгэлээрээ ойлгосон он жилүүд байлаа. Анх "каринтин"-д гарахад шантрах зүйлс байгаагүй. Өөрөө чин сэтгэлээсээ хүсэж, мөрөөдөж байсан болохоор ядах юмгүй даваад л гарсан. Харин дараахан нь ногоо хураалтад бүтэн сарын хугацаатай явах л хүнд санагдаж билээ. Энэ үед биднийг сонсогч болсонтой зэрэгцээд манай сургууль бүтэц, орон тооны өөрчлөлт хийж, таван жилийн сургалтын хөтөлбөртэй байсан нь дөрөв болж өөрчлөгдсөн. Тиймээс бидэнд дээд оны ах нар гэж бараг байсангүй. Бидний дээд оныхон биднээс ч хожуу сонсогч болж билээ. Бид нар ах нь, та нар дүү нь гэх мэтээр битүүхэндээ хоорондоо өрсөлддөг байлаа.
Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн салбарт томилогдсон. Манай анги тухайн үед байгуулагдаад нэг жилийн нүүрийг үзэж буй шинэхэн анги байлаа. Энэ үед Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 50 жилийн ойн хүрээнд маш их ажлыг хийж гүйцэтгэсэн цаг хугацаа байсан юм. Миний хувьд тус салбарын техник, тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээг хийхээс эхлээд нэлээдгүй ажилд гар бие оролцсон. Энэ маань ч надад их зүйлийг сургасан. Дээрээс нь, тухайн цаг хугацаанд хамт ажиллаж байсан чадварлаг ах, эгч нар, дарга, удирдлагууд маань их зүйлийг зааж, зөвлөсөн. Ерөнхийдөө их сургуульд үзсэн онолын мэдлэгээ бататгаж, улам л боловсорсон гэж хэлж болно. Одоо ч тэдний зааж, зөвлөсөн зүйлс үргэлж хэрэг болдог. Аливаа зүйлийг сурах хүсэл байгаад түүнийг нь зөвөөр чиглүүлэгч хэн нэгэн байхад л цааш хөгжих үндэс суурь болдог юм байна лээ. Ийнхүү тус салбарт нэг жил гаруй хугацаанд албан үүргээ гүйцэтгэлээ. Гэтэл 2014 оны намар Баянхонгор аймагт байрлах салбарт салааны захирагчаар томилогдох санал ирлээ. Би ч тухайн үед хөдөө, орон нутагт ажиллах сонирхолтой байсан бөгөөд шуудхан л зөвшөөрсөн. Тэнд мөн л жил гаруй хугацааг өнгөрөөсөн. Тэр хугацаанд орон нутагт байрлах салбарын ажил, үүргийн онцлог ямар байдгийг мэдэж авсан. Дээрээс нь, говь нутагт жилийн дөрвөн улирал ямар байдгийг нь мэдэрч, хүн зоны харилцаа, нутгийн соёлд суралцсан гэх үү дээ. Дараа нь, Баян-Өлгий аймагт байрлах салбарт захирагчийн орлогчоор томилогдсон. Тэнд үүрэг гүйцэтгэх хугацаанд гэр бүлтэй болсон. Ийнхүү тус салбарт гурван жил орчим хугацааг өнгөрөөсний эцэст 2018 оноос хойш өнөөг хүртэл энэ салбартаа албан үүргээ гүйцэтгэж байна. Төрсөн нутагтаа аав, ээж, ах, дүүстэйгээ ойр ажиллаж, амьдарч байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Ерөнхийдөө сургуулиа төгссөнөөс хойш тасралтгүй салбаруудаар дамжин үүргээ гүйцэтгэж байна.
Гэр бүлийнхнийхээ талаар тодруулахгүй юу?
-Эхнэр маань казах бүсгүй. Бид Б.Ингүүмэл, Б.Эмүжин гэдэг хөөрхөн охидтой.
Казах, монгол хүмүүс хоорондоо гэр бүл болох нь маш цөөн гэж сонсож байсан. Таны эхнэр казах бүсгүй гэдэг нь тун сонирхол татаж байна ...
-Ёстой л нэг хувь тавилан юм даа гэж боддог. Анх сумын төвд зохион байгуулсан соёл, спортын өдөрлөг дээр Д.Галила гэдэг хөөрхөн казак охинтой танилцаж байсан. Дараа нь, бүр уулздаг боллоо. Тухайн үед манай хүний гэр бүлийн талаас нэлээдгүй дургүйцсэн. Казах хүн заавал өөрийн үндэстэнтэйгээ гэр бүл болох ёстой гэсэн үгс их сонссон. Тэгсэн хэдий ч бид хоёр анхнаасаа л бие биеэ гэсэн сэтгэлээр татагдсан учир эцэг, эхийн хэлсэн үгсийг чихнийхээ хажуугаар л өнгөрөөгөөд байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам л илүү төвөгтэй болоод байгаа юм шиг санагддаг байв. Нэг өдөр би зориг гарган хадмууд дээрээ өөрийн биеэр очиж уулзлаа. Өөрийнхөө учир байдлыг сайн тайлбарлаж, цаашид яаж амьдрах, охинд нь ямар их сэтгэлтэй талаар бүгдийг нь хэлчихсэн. Хадмууд маань гэр бүлийнхээ зарим ахмад настнуудтай зөвлөлдөж байж болъё гэхэд нь энэ харилцаагаа үргэлжлүүлэх боломж байна гэдгийг мэдэрсэн. Манай гэр бүлийн зүгээс энэ харилцааг хэдийнээ зөвшөөрчихсөн учир хэдэн сар хүлээсний эцэст ээж маань хадмынх руу уулзахаар явлаа. Хоёр талын гэр бүл уулзалдсаны эцэст бүрэн зөвшөөрсөн дөө. Харин одоо бол хадмуудтайгаа их сайхан харилцаатай.
Хөдөө, орон нутагт байрлалтай тусгай салбарт үүрэг гүйцэтгэхийн онцлог тал нь юунд байдаг вэ?
-Тусгай салбар нь Монгол Улсын Зэвсэгт хүчний чухал нэгж юм. "Эхлээд хүн, тэгээд эр хүн, харин дараа нь цэргийн хүн бол" гэдэг үг бий. Миний хувьд яг л үүн шиг салбараар дамжиж цэргийн хэргийн нь ч тэр, амьдралын ч тэр мэдлэг, туршлага олж авч байна. Салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч нарт аливаа зүйлд үнэн сэтгэлээсээ ханддаг, бүтээлчээр сэтгэдэг зэрэг чухал зан чанар илүү байдаг юм шиг санагддаг. Учир нь салбар нь анги, байгууллагуудыг бодоход алба хаагчдын орон тоо, техник, тоног төхөөрөмж хомс. Хамгийн гол нь, тийм байх тусам алба хаагчид өөрсдийгөө хөгжүүлж, шинийг санаачлан өөрөөр сэтгэж, хамт олонч байдлыг үүсгэж чаддаг. Бүхий л зүйл нь бэлэн байсан бол алба хаагчид өөрсдийгөө дайчлан хөгжүүлэх боломж бага байх болов уу. Тиймээс салбарын алба хаагчдаа өндрөөр үнэлдэг.
Батлан хамгаалах салбарт алба хаадаг хүний хуьд эх орны үнэ цэн гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Эх орон гэдэг бол би. Учир нь бидний эх орон гэдэг зүйлийг монгол хүн бий болгож байгаа. Би монгол хүн. Тиймээс би өөрийн гэр бүлээ яаж авч явах, үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэхээс, эзэмшсэн мэргэжилдээ хэр зэрэг "эзэн суухаас" эх орон эхэлдэг гэж боддог. Дүгнээд хэлэхэд, эх орныг бие хүн л бий болгоно. Тэр тусмаа Батлан хамгаалах салбарт алба хаадаг хүний хувьд шударга байдлыг эрхэмлэх нь чухал. Амьдрал, ажил мэргэжилдээ шударга хандаж байж л үр хүүхэд, хойч үе маань зөв нийгэмд өсөн торних учиртай. Орчин үед эх орны үнэ цэн гэдэг ойлголт бага зэрэг алдагдсан гэж боддог. Эх оронч үзэл оршин байхын хэрээр үнэ цэн нь бий болдог. Зэвсэгт хүчнийхээ хөгжилд бие, сэтгэлээ бүрэн зориулан албаа нэр төртэй хаах ёстой хэмээн бодож явдаг.
Дэд ахлагч Т.ИДЭР